Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИД "ХҮЭ-2018" ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

Вьетнамын эртний нийслэл Хүэ хотноо 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "Хүэ-2018" Олон улсын урлагийн наадамд Монгол Улсын Соёлын төв өргөө, УЦДБЧуулга, Эрдэнэт хотын "Уурхайчин" соёлын ордны 19 уран бүтээлч хүрэлцэн ирж, амжилттай оролцож байна.

 

Манай уран бүтээлчид ардын болон уртын дуу, морин хуурын гоцлол, монгол үндэсний болон цэнгээнт бүжиг, гоцлол бүжиг, уран нугаралтын үзүүлбэрээс толилуулж байгаа бөгөөд монголын уламжлалт болон орчин үеийн урлагийг хослуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээж байв.

2000 оноос 2 жил тутамд амжилттай зохион байгуулагдаж, олон мянган үзэгчдийг татсан тус наадамд энэ удаа Австрали, Бельги, Вьетнам, Дани, Израиль, Испани, Колумб, Лаос, Мексик, Монгол, Морокко, Орос, Польш, Словак, Солонгос, Филиппин, Франц, Хятад, Тайланд, Шри Ланк, Япон зэрэг 21 орны 35 хамтлаг уран бүтээлээ өргөн барив.

Вьетнамын ССАЖ-ийн сайд Нгуен Нгок Тиен, Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Вьетнамын ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга Ле Хоай Чунг, Тхуан Тиен Хүэ мужийн Ардын хорооны дарга Нгуен Ван Гао нар 4 дүгээр сарын 27-ны өдөр тус наадмыг нээж, нээлтийн ажиллагаанд Вьетнам дахь ДКТГ-ын тэргүүнүүд, соёл, боловсролын асуудал хариуцсан дипломат ажилтнууд урилгаар оролцов.

Их наадмын үндсэн үйл ажиллагааг ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн Хүэ хотын Хааны ордон дотор 4 тайзан дээр зохион байгуулсны дээр нийт оролцогчид хотын төв гудамж, талбайгаар урлагийн парадад жагслаа.

Зохион байгуулагчдын зүгээс тус наадамд 5 дахь удаагаа амжилттай оролцож буй манай уран бүтээлчдэд талархал илэрхийлж, наадмын Хаалтын тоглолтод тусгайлан урьж оролцуулахаар болов.

Монголын нүүдэлчин өв соёл, ардын болон орчин үеийн урлагийн гайхамшиг, хоршлыг олон орны ард түмэнд толилуулж, эх орноо сурталчилсан нийт уран бүтээлчдэд Ханой дахь ЭСЯ-ны зүгээс уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе!

 

 

 
УлаанбаатарХаной

Холбоос